ТӨРИЙН ЭНТЕРПРАЙЗ АРХИТЕКТУР
ТЭА-ЫН ЖИШИГ ЗАГВАР, АНГИЛАЛ
Энтерпрайз архитектурын тогтолцооны нэг гол хэсэг нь жишиг загвар байдаг бөгөөд энэхүү жишиг загвар нь байгууллагын үйл ажиллагааны болон техникийн архитектуртай холбоотой мета загвар болон жишиг ангиллыг хэрхэн зохион байгуулах талаар лавлагаа болж өгдөг.
Жишиг загварын үндсэн зорилго нь архитектурын мета загварыг тодорхойлогч элементүүдийг илрүүлэх, тайлбарлах, удирдах, хамгаалах, байгууллагын дотор болон гадна талд хэрхэн ашиглах, дахин ашиглах асуудлыг дүрслэн харуулдаг.
Жишиг ангилал (таксоном) нь энтерпрайз архитектурын өнөөгийн болон ирээдүйн төлөв байдлын өгөгдлийг нийтлэг байдлаар ангилан боловсруулдаг хэрэгсэл юм.
МУ-ын ТЭА-ын бизнес, өгөгдөл (мэдээлэл), аппликейшн, дэд бүтэц, аюулгүй байдлын архитектурын бүрэлдэхүүн хэсэг болон түүний тодорхойлолтыг жишиг загварт оруулснаар Засгийн газар, яам, агентлаг, салбарт бүхэлд нь ашиглах боломжийг бүрдүүлж байгаа юм.
ТЭА-ын төслийн баг ХБНГУ, АНУ, Австрали, Шинэ Зеланд улсын туршлагад тулгуурлан МУ-ын ТЭА-т ашиглаж болох архитектурын жишиг загварыг боловсруулсан.
ТЭА-ын жишиг ангиллыг боловсруулахдаа дараах зарчмыг баримталсан. Үүнд:
• Тогтсон нэр томьёог ашиглах - Жишиг ангилалд Монгол Улсын Засгийн газрын болон салбарын үйл ажиллагааны тогтсон нэр томьёог ашигласан.
• Гурваас илүүгүй түвшинтэй байх - Жишиг ангилал нь шаталсан бүтэцтэй байх бөгөөд дараах ерөнхий гурван ангилалд ангилсан.
- Үндсэн ангилал
- Дэд ангилал
- Нарийвчилсан ангилал
Холбоотой нэр томьёог харуулах
Ангилал бүрд тайлбар байдлаар холбоотой нэр томьёог оруулсан.
ТЭА-ын жишиг загвар, ангиллыг дараах зорилтот хэрэглэгчид ашиглаж болно. Үүнд:
- • Байгууллагын энтерпрайз, өгөгдөл/мэдээлэл, аппликейшн, дэд бүтэц, мэдээллийн болон шийдлийн архитекторууд,
- • Бизнесийн үйлчилгээ үзүүлэгчид,
- • Бизнес, шинжилгээ болон технологийн шийдлийг хөгжүүлж, нийлүүлдэг бизнесийн түншүүд,
- • Бизнес, мэдээлэл болон МТ-ийн менежерүүд,
- • Хувийн хэвшлийн тодорхой сэдвээр мэргэшсэн мэргэжилтнүүд,
- • Гэрчилгээжүүлэх, магадлан итгэмжлэх үйл ажиллагааны аюулгүй байдлын мэргэжилтнүүд,
- • Монгол Улсын Засгийн газарт бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгчид.
Жишиг загвар, ангилал нь төрийн үйлчилгээнд оролцогч төрийн болон төрийн бус бизнесийн байгууллагуудад дараах боломжийг олгоно. Үүнд:
- • Байгууллага хооронд мэдээлэл солилцох, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломжийг нэмэгдүүлэх.
- • Төрийн үйлчилгээний үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийтлэг дундын үйлчилгээг нэвтрүүлэх.
- • Төрийн байгуулагын үйл ажиллагааны болоод технологийн нөхцөл байдлыг том зургаар нь харахад туслах.
Энэ нь эцсийн дүндээ байгууллага/салбар хоорондын хамтын ажиллагаа, харилцан уялдааг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулж, байгууллагын дотоод, гадаад харилцааны нийцлийг нэмэгдүүлнэ.
Монгол Улсын ТЭА-ын жишиг загвар, ангиллыг Монгол Улсын Засгийн газар, төрийн байгууллагын бүтцээр биш, архитектурын тогтолцооны үндсэн бүх домэйнээр нийтлэг байдлаар гаргасан болно. Энэ нь архитектурын тогтвортой хөгжлийн суурь болон архитектурын бүх загвартай холбогдож, архитектур, бизнесийн үнэ цэнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Энэхүү МУ-ын жишиг загвар, ангилал нь олон улсын туршлагаас үндэслэн санал болгож байгаа хувилбар бөгөөд цаашид эдгээр ангиллыг Засгийн газрын түвшинд нарийвчлан тодорхойлж, байнга тасралтгүй сайжруулж байх шаардлагатай.
Монгол Улсын ТЭА нь үндсэн таван жишиг загвар, ангиллаас бүрдэж байна. Үүнд:
- • Үйл ажиллагааны жишиг загвар, ангилал
- • Мэдээлэл (Өгөгдөл) жишиг загвар, ангилал
- • Аппликейшний жишиг загвар, ангилал
- • Дэд бүтцийн жишиг загвар, ангилал
- • Аюулгүй байдлын жишиг загвар, ангилал